МЭДЭЭ


Жил бүрийн 3 сарын 15-ны өдөр Олон Улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр байдаг.

1983 оноос хойш Дэлхийн хэрэглэгчийн хөдөлгөөнөөс энэхүү өдрийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах, аюулгүй хэрэглээг төлөвшүүлэхэд дэлхийн улс орнуудын Төр засаг, бизнес, иргэний нийгмийн байгууллагуудын анхаарал, хамтын ажиллагааг сайжруулах нэг арга болжээ.

2022 онд “Fair digital finance” буюу “Шударга дижитал санхүү”  уриан дор энэхүү өдрийг угтаж байна.

Бид “Үйлчилгээний төгөлдөршлийн төлөө” сэдвийн дор ISO23592:2021 үйлчилгээний төгөлдөршил олон улсын стандарт, түүний зарчим, загварыг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа. 

Зах зээл, өрсөлдөөн нэмэгдэхийн хирээр үйлчилгээний салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл хүчтэй болж буй нь хүмүүсийн амьдралд шинэ хэв маяг бий болгож бидний амьдралд өдөр тутамд шинэ соёлууд нэвтэрсээр үйлчилгээний салбарын оролцоо шинэ түвшинд гарч байна. Кофе шоп, олон улсын сүлжээ дэлгүүрүүд, франчайз түргэн хоолны газрууд, банкууд, зочлох  эдийн засгийн өсөлтөөрөө гайхалтай амжилтыг үзүүлэхээс гадна үйлчилгээний харьцуулахуйц шинэ соёл, стандартуудыг бий болгож байна. Үйлчилгээний төгөлдөршлийг энгийн үгээр тайлбарлавал хэрэглэгчийн хүлээлтээс давсан үйлчилгээг тууштай хүргэх явдал юм. 

Энэ арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, үйлчилгээний салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээний төгөлдөршлийн олон улсын стандарт, түүний ач холбогдол, хамаарал, зарчим, загварууд болон үйлчилгээний салбарт манлайлагч төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийн туршлагыг танилцууллаа. 


Similar Posts